Би арван нэгэн жилийн сургуулиа төгслөө. Аймгийн төвд очиж конкурс өгөхөөр явах болоход хөөрхий муу ээжий минь намайг дагаад явж билээ. Конкурс гэдэг нь угтаа социализмын гэгдэх өнгөрсөн нийгмийн үед хэрэглэгдэж байсан төгсөх сурагчдын УЛСЫН ШАЛГАЛТ-ын нэр, одоогоор бол ЕЭШ гэж товчлох бөгөөд ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ШАЛГАЛТ юм шүү дээ. Боловсролын яамнаас энэхүү нэрийг халж, солихоор сайдын тушаал хүртэл гаргаж, хэрэгжүүлэх гэдэг боловч, угтаа хүмүүс конкурс л гэж ярьсаар байна. Ээж минь ххөрхийдөө, өөртөө хэрэндээ л их гоёчихсон бололтой хуучны ногоон үйтэн хуаран дээл өмсөж, үнэтэй саатай алчуур мөрлөж, буурал суусан үсээ сүлжээд, эргүүлэн хумиж, сувдан шигтгээтэй дугариг самаар дээш нь шуужээ. Хөдөө гадаа мал хуй, үнээ, хонь саасаар, халуун наранд борлосон царайгаа нуух гэвч угаагаад ч өнгө орохгүй юмыг яах ч билээ. Хэний төлөө, юуны тулд ээж минь халуунд халж, хүйтэнд хөрч, царай алдах болсныг ойлгох ухаан ч үгүй, ойлгохыг ч хүсээгүй омголон насаа бас юунд ч буруутгах билээ. Нутагтаа манайх мал идээгээрээ муугүй л айлуудын тоонд ордог. Малчин хүн дээлнээсээ өөр юу өмсөх ч байсан гэж...!!! Гурван өдөр аймгийн арван хэдэн сумын арван нэгдүгээр анги төгсөгчид, бас төвийн дөрвөн арван жилийн хүүхдүүд, тэдгээрийн аав, ээж, ах, дүү, найз нөхөд гээд дүүрэн хүмүүс холхилдоно. Хүн болгон хүүхдээ улсын сургууль бараадуулчих санаатай. Бүр боломжгүй нь хувийн гайгүй сургуульд оруулчихъя, хоосноос дээр гээд л залбирч, сүү өргөөд л, зарим нэг нь лам залж, ном хуруулж, өөрсдийнхөө зүгээс хийж болох л зүйлүүдэд санаа тавина. Хэдхэн аав, ээжүүд дарга, захирлын өрөөний үүдийг татаж, ар өврийн хаалга гэгчийг хэрэгжүүлэхээр чангааж, түлхэж гүйлдэнэ. Хөөрхий ээж минь миний мэдлэг, аз, хувь тавиланд итгээд, бусадтай адил ар, өврийн хаалгаар шагайж, лам хар, иймээ тиймээ юм гэж гүйгээгүй юм. Харин хөдөөнөөс авчирсан сүү, цагаан идээнийхээ дээжийг тэнгэр бурхан, уул ус, нар сарандаа өргөчихөөд л, залбирч харагдсан. Харин би тэр өдрүүдэд анх удаа ээжийгээ бусад хүмүүстэй харьцуулан сонжиж билээ. Тэгээд хэзээ ч эргээд анихааргүй, муу, муухай үг ээжийдээ хэлсэн байдаг. - Ээж минь ээ..., Та жаахан цаахнаа зогсож бай л даа..., Хүн дагаж гүйгээд байх юм гээд уцаарлангуй хэлчихэв. Би ээжийгээсээ ичиж байгаа янз нь тэр юм билээ. Гэтэл ээж минь хүү рүүгээ нэг том харснаа, надад л өгөх гэж буусан айлаасаа арай гэж царайчлан байж, чанаж авчирсан халуун савтай цай, хоолоо бариад, хамаг хөлсөө бурзайлган, зайдуухан зогсож харагдлаа. Тэр үед сэтгэл дотроо бодож зогссон бодлоосоо хэдхэн сарын дараа би үхтлээ ичиж, эргээд харамсавч, хожимдчихсон байж билээ. Үхэх ч багадах тэр өдрүүдийг хараал идээсэй гэж уйлж суухдаа, оюутны амьдралын даваа өгсөх шалгалтанд давхар бүдэрч үзэв. Уйлна гэдэг нь угтаа унавч, босох сөхөө байгааг илтгэж буй бизээ... Би тэнд цугласан хүүхдүүдийн аав, ээжүүдийг бүгдийг нь тойруулан харж байгаад миний ээж яасан ч муухай юм, миний ээж шиг муухай хүн энэ олон хүмүүс дотор алга л байх юмдаа. Бусад хүүхдүүдийн аав, ээжүүд яасан ч гоё юм бэ? Зарим нь бүр ганган, дэгжин, хээнцэр байх юм. Тэр өмссөн гоё гоё хувцас, нүүр царайгаа будаж шунхдсан байдал, бас үнэртэн үнэртүүлээд сайхан юм. Гэтэл миний ээжийн байж байгааг хараач, харлаж халтайчихаад, гандсан нэг муу дээл өмсчихсөн, ядаж үсээ олигтойхон ч самначихгүй дээ хэмээн бодсон гэж боддоо. Би царайгаар цай сүлж, сайхнаар дээл хийгээд өмсчихгүй л байдаг ардынхаа үгийг тэр үед санаач үгүй, бүр нэлээд хожуухан ухсан байдаг юм. Ээж минь хүүгээ барааны газраас дагаж, урагш алхахаар ухасхийж, ухрахаар бас дагаад л ухарна. Намайг л бодож, миний санаанд л тааруулах гэж халуун наранд зовж аяглаж байгаа нь тэр, хөөрхий... Хүүгийнхээ аманд аягахан цай, жаахан хоол ч болсон хийчих юмсан гэж санаа зовонгуй зогсохдоо тортой цай, хоолоо байн байн засаж янзлах ба байсхийгээд л бариулыг нь ахиулж барина. Хүнд л байсан байхдаа, зайлуул... Тэгээд олон хүмүүсийн нүд хариулан байж над руу сэм сэм нүдээр, толгойгоороо дохиж харагдана. Угтаа надад хоол, цай өгчих л юмсан гэсэн санаа нь тэр юм. Зуны халуун наранд ам нь цангаж, өлсөж, ядарч байсан ч барьж яваа цайнаасаа аягаад ч уучихалгүй, намайг алдчихвий л гэж өдөржин дагасаар өнжиж билээ. Харин миний сэтгэл дотроо нууцхан хайрлаж, сэмхэн харж явдаг хөөрхөн, царайлаг, дэгжин Туяагийн ээж нь гялтаганасан эрээн чамин цүнх гялалзуулан, дотроос нь миний идэж байгаагүй амттан, хоол, ундаа гаргаж охиндоо өгч байлаа. Би аминдаа л Туяад атаархана. Гэтэл ээж минь хүний юм хулгайлчихсан юм шиг хулмагнаж байснаа, хүмүүсийн дундуур хурдан гүйж ирээд, тохойноос татаж байна. Эргээд харвал буцах явах замынхаа зардлаа надад өгөв. Ээжид минь зардал л байгаа гэдгийг би сайн мэдэж байлаа. - Миний хүү хурдхан гүйж яваад, сайхан халуун хоол авч идчихээд ир. Тэр ресторан ч билүү, түүнд ороорой, за юу...? гээд үглэсээр үлдэв. Би ээжийнхээ өгсөн мөнгийг тэр чигээр нь шүүрч аваад гүйлээ. Тэгээд ресторанд орж, сайхан амттай хоол ганцаархнаа, цадталаа идчихээд, цадсан тас шиг ийш тийшээ гайхуулангуй хараад, чигчлүүрээр шүднийхээ хооронд чигчилжсэн шиг олны дундуур пээдэлзэж алхав. Тэр үед хэн ч намайг үнэтэй хоол идсэн гэдгийг мэдэв гэж дээ. Хүн бас хийрхэх юмаа олж яддаг юм шиг байгаа. Харин ээж минь хаа холоос намайг дагуулан харж, ядруухан царайндаа баяр гийгүүлж, хүү минь хоол, унд идэж, уусан бол болоо гэсэн харцаар энхрийлэн харж, санаа нь амрахыг би зөнгөөрөө мэдэрч байлаа. Ээж минь хүмүүс хэсэгхэн бужигналдах үеэр хажууд хурдан гүйж ирээд л санаа зовонгүй надад хэдэн үг хэлээд л холдоно. - Миний хүү алга болчихов, шалгалтуудаасаа хоцорчихов. Авах юм байвал ээждээ хэлээрэй. Ээж нь хар хурдаараа гүйгээд аваад ирнэ гэж хэлэхдээ ундаа, жүүс, бас амттан өгнө. Ээжийнхээ өгсөн болгоныг дуртай авдаг мөртлөө би жаахан уурлангуйгаар - Та үүнээс хойш намайг битгий дагаж байгаарай гээд хэлчихлээ. Ээжийн минь царай нь хачин муухай болсноо, царай муутай төрсөндөө өөрийгөө л буруутгаж байгаа юм шиг дэмий л дүлгэнэж зогсоно. Тэгээд хүү рүүгээ өрөвдөлтөй харж байснаа - За тэгье, ээж нь дахиж хэзээ ч дагахгүй. Миний хүү л сургуулиа авдаг юм шүү. Тэгвэл ч ээж нь чамайг юундаа ч дагахав дээ гээд эргээд алхана. Гурван өдөр болоход би ээжийнхээ авч явсан бэлэн мөнгөөр туйлаад дууссан байв. Арай л гэж сургууль авчихаад гарч ирэхэд, яасан, юу болов гээд ойртож чадахгүй, холуур тойрч гүйгээд л, миний баярласан царай төрхийг хараад “За болж дээ, болж...” гэж санаа нь амарч байгаа бололтой, нүднээсээ урсах нулимсаа хүмүүсээс сэмхэн нуугаад арчиж харагдана. Ээжийн минь ганц хүсэл биелж, би ээжийгээ ганц удаа баярлуулж буй нь тэр байхдаа... Маргааш өглөө нутаг буцах болоход ээж бид хоёрт замын зардал үлдээгүй байв. Ээж охин дүүд минь өгнө гээд амь шигээ л хайрладаг байсан нөгөө эртний хийцтэй шүрэн самаа үснээсээ урамгүйхэн аваад ломбардны эгчид өглөө. Тэгээд гарахдаа эргэн эргэн хараад л нэг юм хэлээд байв. Би юу гээд байгааг нь амных нь хэлбэрээр уншиж байлаа. “Эгч нь удахгүй эргэж ирээд авна шүү, байлгаж байгаарай. Миний охиндоо өгөх ганц эд хөрөнгө...” л гээд байгаа бололтой, дахин дахин учирлаж захиад, гуйж байв. Ингээд би ээжийнхээ хэдэн үеэр хадгалагдаж, удам дамжигдаж ирсэн үнэтэй шүрэн самаар нутаг руугаа, аав руугаа, гэр рүүгээ буцаж билээ. Өнөөдөр би Улаанбаатар хотод оюутан болоод ирчихсэн, умгар жаахан ээжийгээ бодоод л, өөрийн эрхгүй л нулимс цийлэлзэж сууна. Би өөрийгөө хичнээн ч зэмлээд зэмлээд ч бардаггүй. Хүний орчлонд атигар жаахан ээжийгээс минь өөр сайхан санагдах, эгэл хэрнээ ихэмсэг нандин зүйл хаана ч байхгүйг мэдэрлээ. Ээжийдээ уурлаж, уцаарласан бүхэндээ даанч их харамсана. Гэвч хожидсноо улам илүү мэдрэн суухад хорвоо ямар давчууг ойлгохын хэрээр л ойлгож сууна. Хүү чинь одоо л хорвоогийн эрээн барааныг ялгадаг боллоо. Хүүгээ уучлаарай гээд сэтгэлдээ шивнэн уйлаад ч, сууж байгаа барзгар хад чулууг гараар нүдээд, хар байдгаараа орилж хашгирч уйлаад ч багадах ажээ. Жаахан байхад ээж минь өглөө эрт босоод гэр орон, тогоо шанагаа янзлан, хангир жингэр хийлгэн байх зуураа “Миний хүү” босоорой гэнэ. Тогоогоо юүлэн, өрмөө гараараа хумин авч, сүүгээ хувинд хийгээд хусмыг нь авч надад, ёроолын шатсан хусмыг халтар банхарт өгдөгсөн. Ээжийнхээ тогоотой өрөмөө юүлэхэд, дарайж сагссан зузаан өрөмний захаар өтгөн цөцгий урсаж, долоочихмоор л сайхан санагдахад, шүлс өөрийн эрхгүй асгарч, залгисаар л зогсдогсон. Тэгэхэд ээж жаахан хүүхэд өрөм иддэггүй юм. Царай нь харлаж, халтайгаад муухай болчихдог юм гэнэ. Иш зайлуул даа, муу хүүгээ царайлаг эр хүн байлгах гэж тэр байх даа. Улаанбаатар хотод ирэхэд хотын хүүхдүүд цонхийсон, цонхигор цагаан, хөдөөний хүүхдүүд хар, бор, эргэл боргилоороо яах аргагүй ялгарч байлаа. Би хотод ирээд тун удалгүй цайж, ганган залуу болсон ч өөрийн философи, ертөнцийг үзэх үзэлдээ үнэхээр ээжийн минь хэлдэг үнэн юм гэдгийг ойлгосон. Айраг, цагаан идээ, хөдөөгийн бор салхи, шар нарнаасаа холдоод ирэхээр хүн цайгаад эхэлдэг юм байна шүү гэж бодож суулаа. Хөөрхий муу ээжийгээ муухай гэж бодож явсан өдрүүдийг болдогсон бол тэр чигээр нь булшлаад дарчихмаар санагдана. Уг нь би ээжийгээ муухай гэж боддоггүй л байсан. Гараад явахаар нь маш их санадаг, уулзахгүй удчихвал уйлчихдаг ээжийн л хүү байсан юмсандаа. Тэр хараал идсэн шалгалтын өдрүүдэд би юугаараа гайхуулах гэж хөөрхий ээжийгээ хол зогс гэж хэлсэн юм бол...!!! Өнөөдөр ээж минь байхгүй, хорвоогоос буцчихсан, би цусаар ч уйлаад эргэж ирэхгүй. Ээж минь бүр байхгүй, муухай ч гэсэн байхгүй. Тэнэгхэн хүүдээ гомдоод л тэр чигээрээ явчихаж... Намайг сургуульд оруулах л гэж өлсчихвий, цангчихвий, ядарчихвий л гэж гүйж байсан уу гэхээс, миний хүү ч толгойтой, сургуулиа авчихнаа гэсэн сэтгэл өөдрөг үг хэлсэн тэр өдрүүд өнөөдөр миний урдуур урсаж байх юм. Намайг оноогоороо жагсаад сургууль сонгоод гараад ирэхэд нулимс нь байдгаараа урсчихсан “Болоо доо, хүү минь... болж, болж...” гээд л үглээд, өөрөө л сургууль авчихсан юм шиг дэгдээд л гүйгээд байсан. “Одоо ч хоёулаа аавдаа очих нүүртэй боллоо” гээд ямар их олзуурхаж байв даа. Ээжийг минь жаргаж ч амжаагүй байхад түрүүлээд авчихдаг учир юу байна, хорвоо минь...!!!
2008. 05. 18. Улаанбаатар хот








